Уран зохиол

Алаг шаазгай араган дээр суучихаад жир жир

Алаг шаазгай бол байгалийн зарлан тунхаглагч билээ. Юу болох гэж байгаа болон юу болж байгааг тэр хамгийн түрүүнд мэднэ. Маш мэдрэмтгий. Мэдрээд зогсохгүй түүнийгээ олон түмэнд шагшран зарладаг. Шүдэнзтэй хайрцаг сэгсэрч байгаа юм шиг шагшрах дуу нь нарийн ажиглавал олон янз байдаг. Баярт мэдээ, түгшүүрт мэдээ, ердийн амар амагаланг зарлах гэхчлэн. Жишээ нь:  хэсэг хонь сүргээсээ тасраад явж байвал чонын үүрэн дээр очиж баярт мэдээг дуулгаж эхэлдэг байна. “Унтаж байхаар босоочээ, бэлэн хоол ирж явна” гэж. Харин хонин сүрэг дээр очиж “Зугатаарай, чоно ирлээ шүү” гэх түгшүүрт мэдээг зарлана. Хоёр талд нь ажиллаж байгаа хэрэг шүүдээ. Тийм учраас ховч гэсэн хочийг авсан байх. Хөдөө хээрээр нүүдэллэн амьдрагч малчин ардууд шаазгайнд “радионоос” илүү итгэж байгаа нь ажиглагддаг. Шаазгай шагшраад эхэлмэгц “Хүүеэ цаана чинь юу болоод байна. Гараач. Шаазгай шагшраад уналаа” гэж авгай нар сандарч эхэлдэг. Шаазгай худлаа хэлээгүй байдаг. Их нүүдэл юмуу, аянчин жинчин тэднийхийг зорин ирж байдаг. Түүнийг нисч явахдаа харсан шаазгай өрсөн хэл дуулгах гэж шон дээр нь яаран бууж ийнхүү шагширдаг байна. Жишээ нь: тэднийхээр байнга бууж, морддог нөхөр шогшуулж явахад бол огтхонч тоохгүй. Харин урьд нь үзэгдэж харагдаагүй хүн байвал хашгачиж өгнө. Идэш хийж байгаа айлыг шаазгай андахгүй айл айлын гадаа очиж баясгалантайгаар зарлана. Зарим хүн шаазгайг худалч гэх нь дэндүү гомдмоор. Худлаа хэлэх үнэнхүү санаа түүнд байхгүй. Харин хүмүүс л өөрсдөө буруу ойлгож андуурах тал бий. Ааруул, ээзгий шүүрээд байхаар нь зарим айл тоглоомон хүүхэлдэй дэлгэцтэй ааруулынхаа дэргэд тавьчихдаг. Тэгэхэд хэсэг азнаж байгаад шон дээр суугаад хашгирч эхэлнэ. “Хөөе хүүхдээ оруулаач наршчихлаа, мартчихаа юу” гэж хэлж байгаа нь тэр. Эсвэл  “Шалдан хүүхэд ааруул хулгайлж байна. Гараарай гараарай” гэж шагширна.Үүнийг юугий нь худлаа хэллээ гэх юм.Тэр хаймран хүүхэлдэй байдгийг мэдэхгүй шүүдээ. Манай шаазгайтай ах дүү гэмээр адилхан зантай шувуу Африк тивд бас байдаг байна. Нэрийг нь монголчилбол “балын зарч” шувуу. Тэр зөгийн бал олчихоод тосгон руу нисч очин чанга дуугаар хашгаран жиргэж далавчаа дэвж цовхчин сүйд болдог аж. Нутгийн хүмүүс тэр шувууныхаа зан авирыг андахгүй. Тэд араас нь очиж зөгийн балыг авдаг. Тэгэхдээ түүнд бал агуулж байсан сархигнагийг салгаж өгдөг гэнэ. Зарч шувуу сархигнагт их дуртай. Зарим хүн хуншгүй загнаж шувуунд хувийг нь үлдээдгүй аж. Тэгвэл бяцхан шувуу их гомдоно. Гомдоод ч зогсохгүй хүмүүсийг ойгоос буцахад нь замыг нь буруу зааж өгч намаг цөөрөмд шигдүүлж хонзонгоо авдаг ажээ. Харин манай шаазгай цайлган. Амьтан түүний хэлсэнийг тоож байна уу, үл тоож байна уу гэдгийг анзааралгүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол шагшран шагширсаар л байдаг ажгуу.

Ж.Мягмарсүрэнгийн “Унагаа зуусан хулан” өгүүллэгүүдээс.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: